Монгол Улсын агаарын зай, агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, хэтийн бодлогын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент” семинар зохион байгуулж, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “EASY FLOW” хөтөлбөр хэлэлцэж, агаарын зай, НХУ-ын секторууд болон “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын багтаамжийг тодорхойлоход үнэлгээ хийж, багтаамжийг нэмэгдүүлэх 3 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

Тус семинарын үр дүнд Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлж хөтөлбөрт Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас санал, зөвлөмж авч агаарын зайн секторууд болон нисэх буудлын багтаамжийг тодорхойлох арга, хэрэгслүүдийг судаллаа. Түүнчлэн НХУ-ын секторуудын багтаамж болон “Чингис хаан” ОУНБ, Улаанбаатар хотын шинэ нисэх буудлуудын зурвасын багтаамжийг Олон улсын иргэний нисэхийн баримт бичиг Doc 9971-ийн Appendix II-C-д заагдсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/-ийн аргачлал болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага Hiroyuki Takata-ийн танилцуулсан Япон улсын агаарын зайн багтаамжийг тодорхойлох аргачлалуудыг тус тус ашиглан урьдчилсан байдлаар тодорхойллоо.

Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн дэд төвтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн, Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.