“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV-2 вирусын шинэ хувилбар болох В1.1.529 мутацыг “Омикрон” гэж нэрлэн халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир “анхаарал татах хувилбар” гэсэн жагсаалтад бүртгэн авсан бөгөөд одоогийн байдлаар тус хувилбар нь дэлхийн 149 улсад бүртгэгдээд байна.
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас 2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Ковид-19 халдварын омикрон хувилбарын дотоодын халдварын 5 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдээд байна. Ковид-19 халдварын “альфа” хувилбарын нууц үеийн хугацаа дунджаар 5.2 хоног, дельта хувилбарынх 4.4 хоног бол омикрон хувилбарынх 2.5 хоног бөгөөд халуурах, нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, бүх биеийн булчин, толгой өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд халдварлах чадвар өмнөх хувилбараас илүү өндөр байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд байна.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалын дагуу Ковид-19 халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт 4 дүгээр тунд 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 18 наснаас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа бөгөөд 3 дугаар тунд хамрагдсанаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн, вакцины 3 дугаар тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэсэн хугацаанаас хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн тохиолдолд Пфайзэр үйлдвэрийн Комирнэти, Синофарм үйлдвэрийн CorV вакцинуудаас сонголтоор хийлгэх боломжтой байна.
Түүнчлэн Ковид-19 халдварын тоо Монгол Улсад 2021 оны сүүлчээр буурч өдөрт бүртгэгдэх батлагдсан тохиолдлын 80 хүрээд байсан бол 2022 оны 1 дүгээр сарын эхээр батлагдсан тохиолдлын тоо тогтмол нэмэгдсээр байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2200-д хүрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын 1,5-2 метрийн зайг баримтлан, өрөө тасалгаандаа 2 цаг тутам агаар сэлгэлт хийж, гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж ажиллахыг нийт ажилтнууд, албан хаагчдад анхааруулж байна.