ОУИНБ-аас Ази-Номхон далайн бүс нутагт нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд гишүүн улс орнуудыг чиглүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2010-2018 онуудад Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ATFM/CDM SG олон улсын хурлууд 8 удаа зохион байгуулаад байна.

Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газраас санаачилсан Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг (MANPING/1)-ийн анхдугаар хурал 2018 оны 10 дугаар сарын 12-нд Жаргалант сэргээн засах цогцолборт зохион байгуулагдсан билээ. Энэхүү ажлын хэсэг /MANPING/ 2019 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), APAC-аас хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний хүрээнд судлах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийт 16 хурал зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ажлын баг”-ийн анхдугаар хурал 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ИНЕГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагджээ. Энэ нь MANPING ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдээс зохион байгуулж буй 5 дахь хурал юм. Энэхүү хурал нь Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментэд оролцогч талууд нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх зэргээр явагджээ.

Тус хуралд АНБЗГ, НХҮА, ЕЗНХА, НУТА, МТИСХА, “Эйр Чайна”, “МИАТ” ХК, “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК-ний нийт 30 гаруй төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үйл ажиллагааг АНБЗГ-ын менежер П.Гантөгс нээж, Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг (MANPING)-ийн зорилго болон түүний дэд ажлын хэсгүүдийн хурал амжилттай зохион байгуулагдаж байгааг дурдан Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ажлын багийн хурал нь Монгол улсад тус төслийг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх, ихээхэн ач холбогдолтойг цохон тэмдэглэж, хурлын төлөөлөгчдөд амжилт хүсэв.

Дэд ажлын хэсгийн багаас Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн талаар товч ойлголт, бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд хэрэгжиж буй байдал, Монгол улсад хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, нислэгийн төлөв, 2019-2028 оны хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “EASY FLOW” хөтөлбөрийн төсөл зэргийг танилцуулан хэлэлцүүлэг хийсэн байна.

Түүнчлэн Монгол улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгийн ихээхэн хувийг эзэлж буй “Эйр Чайна” агаарын тээвэрлэгч ажлын багийн урилгаар тус агаарын тээвэрлэгчийн нислэгийн төлөв, байдал, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулга хийсэн байна. Тус агаарын тээвэрлэгчийн Европ чиглэсэн бүх нислэг Монгол Улсын агаарын зайгаар үйлдэгддэг бөгөөд энэхүү чиглэлд POLHO-SERNA, POLHO-DARNO чиглэлд үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой эсэхийг тодруулахыг хүссэн байна.

Мөн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментэд оролцогч томоохон байгууллагуудын нэг болох Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас НХУ болон дээд агаарын зайн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд тулгарч буй асуудлуудаар танилцуулан, хэлэлцүүлэг хийлээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүгээс Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн арга хэрэгслүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын дээд агаарын зайн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа талаар танилцуулсан байна.

Хуралд оролцогсод Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх хөтөлбөрт санал өгөх, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.