Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдлаа

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр УИХ соёрхон баталлаа.

Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдаж, түүнээс хойш 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам бүр өргөжихийн хэрээр тус хуулийг шинэчилж, салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүсээд байсан юм.

УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасны дагуу ийнхүү шинэчлэн боловсруулж, батлууллаа.

Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар:

– Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн, нисэхийн аюулгүй байдал сайжрах;

– Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулах;

– Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэх;

– Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх;

– Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох;

– Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх;

– Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулах;

– Засгийн газрын агентлагийн үзүүлж байгаа агаарын навигацийн болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарах боломж бүрдэж байна.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа нисэхийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдынхаа хичээл зүтгэлээр салбарын хуулиа шинэчлэн батлуулсныг онцлоод нийт ажилтнууддаа болон Иргэний нисэхийн эрх зүйн шинэчлэлд хувь нэмрээ оруулсан хүмүүст талархал илэрхийллээ.

УИХ-ын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар эцэслэгдэн батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уншиж танилцана уу.