УРИАЛГА

2020 оны 01 дүгээр сараас дэлхий дахинд цар тахал болон тархаж байгаа Ковид-19-коронавирусээр 94 гаруй сая хүн халдварлаж, 2 сая гаруй хүн нас нөгчиж, улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа зогсоож, иргэд сэтгэл санааны болон мөнгө санхүүгийн хямралд өртөж, онцгой нөхцөл байдалд ажиллаж амьдарч байна.
Монгол улс 2020 оны 3 дугаар сараас эхлэн хөл хорионы дэглэм тогтоож, дотооддоо халдвар алдсаны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс бүх нийтийн хатуу хөл хорионд шилжиж, бусад улс орнуудын хэрэгжүүлсэн туршлага, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан боломжит бүх арга хэмжээг авч ажилласаар ирсэн.
Бүх нийтийн хөл хорионы үед агаарын тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэнийн нисэхийн салбар томоохон сорилттой тулгарч байна. Үйл ажиллагаа хумигдаж, орлого буурсан ч ИНЕГ, ИНҮТ, албадын захиргаа ажлын байраа хадгалж, ажилчдынхаа цалин хөлс, нэмэгдлийг цаг хугацаандаа олгож, халдварын эрсдлээс хамгаалах төрөл бүрийн хэмжээ авч ажиллаж байгаад ажилчид бид талархан хүлээн авч байна.
Жилийн турш үргэлжилж байгаа цар тахал манай салбарыг тойрч гарсангүй, ИНЕГ-ын хэмжээнд короновирусын халдварын тохиолдол илэрч, ойрын хавьтлаар 20 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаж, 200 гаруй хүн гэрийн тусгаарлалтад орсон нь байгууллага, ажилчдад гэнэтийн цохилт болж, ИН-ийн талаар олон нийтэд таагүй мэдээлэл тархсан. Энэ нь бидэнд эв нэгдлээ илэрхийлж, хамтдаа даван туулах чухал сорилтын үе ирснийг сануулж байна. Өөрийгөө болон журмын нөхдөө хамгаалах хамгийн зөв арга нь тусгаарлалтад байгаа хүн бүр сэтгэлийн тэнхээтэй, тайван амгалан байж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, завгүй хэмнэлээс хэсэг зуур амсхийж, ажил, амьдралдаа санаа зоволгүй, шинэ зүйл сурч, УОК-оос гаргасан хөл хорионы дэглэмээ чандлан сахиж, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, дархлаагаа зөвөөр дэмжиж, сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байгаарай.
Иргэний нисэхийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороодууд цар тахал дэгдсэн үеэс эхэлж дор бүрнээ гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч, төрөл бүрээр тусламж дэмжлэг үзүүлсээр байна. Ямар ч үед үргэлж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, та нартаа сэтгэлийн дэм өгсөөр байх болно.
Дэлхий нийтээрээ (COVID-19) энэ аюулт өвчинтэй тэмцэж, улс орон, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хямралд өртөж байгаа хэдий ч иргэний нисэхийн салбарын ажилчид бид халдвараас сэргийлж, энэ хүнд үеийг хамтын хүчээр даван туулж чадна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай улсын эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн, иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах, үнэн бодит мэдээлэлд тулгуурлан асуудалд хандаж байхыг нийт үйлдвэрчний эвлэлийн гишүүд та бүхэндээ уриалж байна.
МТХГТАҮЭ-ҮҮДИЙН ХОЛБОО, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООД